Туршлага - Таны өмнө хийж байсан аяллуудтай харьцуулахад болзол хангах км зам хэт урт байвал эргээд нэг бодоод үзээрэй, болзол хангах боломж хэдийд ч нээлттэй байх бөгөөд хангалттай хэмжээний дадлага, туршлага хуримтлуулалгүйгээр болзол хангах аялалд битгий гараарай.
Хурд - Өндөр хурдтай явснаар цаг хэмнэнэ гэж бодох хэрэггүй. Хэт өндөр хурд эрсдэл дагуулж болно. Харин болзол хангах аялалд хамгийн их цаг авдаг зүйл бол бензин цэнэглэх болон замд хийх зогсолтууд байдаг. Иймээс хамгийн цөөн зогсолтоор хэрхэн аялах вэ? гэдгийг анхаарч үзээрэй
Мотоциклийг эртнээс бэлдэх - аяллын өмнө засвар үйлчилгээ хийсэн бол заавал урт зайд явж шалгаж үзэх, шууд болзол хангах аялалд гарахгүй байх.
Маршрут - Хаанаас хаа хүрэх гэдэг бол маш чухал. Замын нөхцөл байдал, цагийн зөрүү, дэд бүтцийн хөгжил гэх мэт. Ямартаа ч таны сонгосон эхлэх төгсөх цэг ГҮҮГЛ МАП гэх мэт ямар нэгэн газрын зураг дээр 1000 майл буюу 1630 км ээс дээш байх ёстой байдаг. Та төгсгөлийн цэгтээ буудаллах газар, хоол ундны асуудлаа аяллаас өмнө шийдэх нь оновчтой байдаг.
Хүндрэл - Замд тулгарч болох хүндрэлүүдийг урьдчилан тооцоолох. Хүчтэй салхи, шороон шуурга, бороо, цас ч байж болох юм. Дээрх нөхцөл байдал бүрд хурдаа тохируулж явах хэрэгтэй.
Хувцас - Олон цаг мотоцикл унахад биед тухтай, дулаан хувцас өмсөх, авч явах. Тух алдах л юм бол тэгээд л зорилго биелэхгүй болно гэж ойлгоорой.
Хамгаалах хэрэгсэл - Битүү каск, бүх төрлийн хамгаалалт, гутлыг заавал өмсөх.
Чухал зүйлс - Аялал, мотоцикл болон өөрт нэн тэргүүний чухал шаардлагатай зүйлсийг биед ойр авч явах.
Бэлтгэл - Хүнс болон бусад замд хэрэглэгдэх зүйлсийг урьдчилан бэлтгэх. Аялал эхэлснээс хойш түлш цэнэглэхээс бусад тохиолдолд зогсох шаардлага өөртөө үүсгэхгүй байх.
Уйтгартай зам - Олон км нэгэн хэвийн зам ганцаараа эсвэл хамт аялж байгаа хүнтэйгээ ярилцах боломжгүйгээр туулах нь уйтгартай бөгөөд нойр хүрэх нэг нөхцөл бодог. Тиймээс өөрийгөө замд яаж зугаацуулахаа бодоорой.
Хандлага - Аяллын эхнээс төгсгөл хүртэл эерэг хандлагатай байх. Аяллын бүх цаг үед чадна, бүтэмжтэй байна, нормоо биелүүлж чадна гэсэн хандлагатай байх.
Түлш цэнэглэх - Заавал бензин дуусах дохиог хүлээлгүйгээр боломжит цэгүүд дээр түлшээ цэнэглэх. Хэрвээ аяллын замд түлш тань дуусвал таны төлөвлөсөн бүхэн талаар болно гэдгийг бодоорой..
Борооны цув - Заавал авч явах хэрэгтэй бөгөөд хэрвээ бороо орохоор байвал, бороотой хэсэгт ойртож байвал урьдчилан цуваа өмсөөрэй. Аялалд бие таатай тухтай байх нь маш чухал.
Багаж - Та өөрийн мотоциклын энгийн ойр зуур засвар хийх, дугуй солих гэх мэт багаж заавал авч яваарай!
Сэтгэл зүй - Хэрвээ таны аялалд саад болох ажил, амьдралтай холбоотой ямар нэгэн асуудал байгаа бол бүү аялалд гараарай. Тэрхүү асуудлаа бүрэн шийдээд сэтгэл амар аялалдаа гарахад хэзээ ч оройтохгүй.
Баг - Хэрвээ та хэд хэдэн хүний бүрэлдэхүүнтэй болзол хангах гэж байгаа бол олон хүнтэй баг хэд хэдэн сул талтай. Жишээлбэл түлш цэнэглэх хугацаа тань багийн гишүүний тоогоор нэмэгдэнэ. Заавал гишүүнийхээ замд, аялалд, анхаарал тавих шаардлага үүснэ. Харин зарим давуу талд бие биенээ зоригжуулах, нэг гишүүн түлшээ цэнэглүүлж байхад нөгөө нэг гишүүн нь зураг дарж аяллын замын баталгаажуулалт хийж байж болох юм. Бидний бодлоор хамгийн тохиромжтой тоо бол 2 гишүүн.
Фото, видео аппарат - Аяллын турш түлш цэнэглэх үед байршлын болон гэрч болох хүний зургийг дарах, мэдээллийг нь авах шаардлагатай байдаг. Аяллын замд цэнэглэх боломжтой эсвэл цэнэгээ болзол хангах хугацаанд найдвартай хадгалах хэрэгсэл сонгоорой.
Амралт - мэдээж 24 ба түүнээс дээш цаг тасралтгүй мотоциклоор аялах үед ядрах, нойр хүрэх асуудал үүсэх нь энгийн л зүйл. Харин та энэ үед өөрийгөө хүчлэн битгий аяллаа цааш үргэлжлүүлээрэй. Түүний оронд та зогсоод 5-10 минут сайхан өөрийгөө сэргээгээд, хувцсаа нимгэлж сайхан агаар аваад хөдлөөрэй. Ядарсан, нойр хүрсэн үеийн хурднаас илүү хурд үзүүлж илүү үр бүтээлтэй цагаа ашиглах болно.
Аялалд дараах зүйлсийг бэлтгэн авч явахыг зөвлөж байна.
Борооны цув
Хатаасан мах /бага хэмжээтэй/
Жижиг архи, спирт
Дугуй солих болон ойр зуурын багаж, насос
Скотч, Гар чийдэн
00 цаас, хуурай нойтон салфетка
Утасны болон ашиглаж байгаа фото видео аппаратын цэнэглэгч
Нөөц бээлий, трусик, оймс, хувцас /Норохооргүй уутанд хийж авч явах/
Гэрэл цацруулагчтай хувцас, хүрэм
ЖПС, эсвэл ухаалаг гар утас.
1 литр моторын тос, Тормозны шингэн, конс, хазны трос
Нарны шил, Эмийн сан
Галын хор, ослын гурвалжин
Ред бүлл гэх мэт сэргээх ундаа, ус
Гаатай бохь, гаатай чихэр шоколад